Дэлхийн хот-Улаанбаатар

Д.ОТГОНБААТАР: ЭХЛЭЭД ХОЁР ДЭД ТӨВ БАЙГУУЛНА


2015-04-04 02:40:50
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд гэр хороололд хэд, хэдэн дэд төв байгуулахаар тусгажээ. Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр  есөн жилийн хугацаанд эдгээр дэд төвүүдийг байгуулах юм байна. Эхний хоёр дэд төвийн бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхлэхээр болжээ. Дэд төвүүдийг хаана байгуулах, ямар үе шаттай зохион байгуулах талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатартай ярилцлаа.
-Дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг хаанаас эхлэх гэж байна вэ?
-2013 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг анх удаа УИХ-аар соёрхон баталсан. Энэ нь дөрвөн жил болоод Засгийн газар өөрчлөгдлөө ч бодлого, төлөвлөгөө нь өөрчлөгдөхгүйгээр хууль болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2020, 2030 он гэхэд хот ямар байх вэ гэсэн урт хугацааны төлөвлөлт хийх боломжтой болж байгаа юм. Энэхүү ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг 29 дэд төвтэй болгон хөгжүүлэх тухай тусгасан байдаг. Үүний хоёр нь буюу “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төвийг Азийн хөгжлийн банктай хамтран байгуулахаар ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 6-9 дэд төв байгуулна. Эхний ээлжид дээрх хоёр дэд төвийг байгуулахаар ажиллаж байна. Энэ төслийн нийт санхүүжилт 320 сая доллар болж байгаа. Үүний 96 саяыг Монгол Улсын Засгийн газар, үлдсэн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банк хамтран санхүүжүүлэхээр гэрээнд тусгасан. Одоогийн байдлаар Төсөл хэрэгжүүлэх нэгж бүрэн бүрэлдэхүүнээр байгуулагдсан бөгөөд Соёлын төв өргөөний Г корпусын дөрвөн давхарт байрлан үйл ажиллагаа явуулж байна. Дэд төвийн зорилго нь гэр хорооллын иргэд заавал хотын төвд ирж бус, ойрхон газраас үйлчилгээ авдаг болох, иргэдэд инженерийн дэд бүтцийг хүргэх зорилготой. Өмнө нь Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотод ийм томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлж байгаагүй.
-“Баянхошуу”, “Сэлбэ” дэд төвд байршлын хувьд яг аль дүүрэг, хорооны нутаг хамрагдах вэ?
-Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 10, 28 дугаар хороог хамарсныг  “Баянхошуу”, Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо буюу бидний хэлж заншсанаар Долоон буудлын хэсгийг “Сэлбэ” дэд төв гэж нэрлээд байгаа юм. Энэ  есөн жилийн хугацаанд 6-9 дэд төвийг гурван үе шаттайгаар байгуулна. Гэхдээ бид аль болох хугацаагаа нааш нь татаж ажиллахаар төлөвлөж байгаа.    
-Дэд төв гэхээр ямар бүтээн байгуулалт хийх вэ? 
-Дэд төв байгуулахын гол зорилго нь цэвэр бохир усны хангамж, дулаан хангамж мөн авто зам зэрэг дэд бүтцийг нь гэр хороололд хүргэх ажил хамрагдана. Үүнээс гадна мэргэжил сургалтын төв, цэцэрлэг баригдана. Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийг нэн түрүүнд дэд төвүүдэд барьснаар цаашид тухайн дэд төвүүдэд хөтөлбөрийн хүрээнд болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтанд ажиллах мэргэжилтэй ажилчдыг тухайн дэд төвүүдэд хөдөлмөр эрхлээгүй байгаа иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох замаар бэлтгэх боломж бий болно. Энэ хүрээнд амьжиргааны хүнд нөхцөлд байгаа, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тухайн сургалтуудад нэн түрүүнд урьж хамруулах бодлогыг НЗДТГ-ын зүгээс баримтлан ажиллана.
-Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, сургууль цэцэрлэг барих талбайд иргэдийн чөлөөлсөн газар орох уу?
-“Баянхошуу” төвийн 162 га, “Сэлбэ” төвийн 156 га газарт бүтээн байгуулалт хийнэ. Энэ талбайд сургууль,цэцэрлэг зэргийг байгуулна гэсэн үг. Энэхүү төсөл хэрэгжихэд иргэд бага ч гэсэн хохирч болохгүй гэдэг нь  Азийн хөгжлийн банкны гол зарчим учраас үүнд санаа зовохгүй байж болно. Газар төлөвлөлт, нүүлгэн шилжүүлэлт, нөхөн төлбөрийг тогтоох чиглэлээр бид ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.  
-Эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил хэдэн сард эхлэх вэ. Одоогийн байдлаар ажлын явц ямар байгаа вэ?
-Нэгдүгээрт, нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажилд олон улсын компаниудад нээлттэй сонгон шалгаруулалт явуулж дууссан. Энэ сарын эцсээр шалгарсан компанитай гэрээ хэлэлцээрийг хийхээр төлөвлөөд байна. Төлөвлөлтийн хувьд зураг төслөө боловсруулчихвал барилгын ажил эхлэх боломжтой. Бүтээн байгуулалтын ажлын явцад айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарна. Тиймээс “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төвүүдэд тус бүр 50 айлын орон сууц барьж иргэдийг түр оршин суух байраар хангах юм. Баянхошуу дэд төвд баригдах орон сууцыг барих компани шалгарч ажлаа эхлүүлээд байна. Хамтран санхүүжүүлж буй байгууллагууд бүтээн байгуулалтын явцад иргэд, өрхүүд төслийн үйл ажиллагаанаас аливаа хэлбэрээр хохирох ёсгүй гэсэн зарчмыг баримталдаг. Үүнээс гадна дээрх хоёр дэд төвд бохир усны коллектор шугам барих ажлыг энэ хавар эхлүүлнэ. Зураг төсөл бэлэн болсон бөгөөд одоогоор улсын экспертизээр магадлал хийж байна. Энэ ажлын шаардлагаар газар чөлөөлөх нөхцөл бий болно. Ажлын явцад эрх ашиг нь тодорхой хэмжээнд хөндөгдөх иргэдтэй хийх уулзалтыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд хийсэн бөгөөд газар чөлөөлөх хэмжээ болон нөхөн олговрын хувь хэмжээг эцэслэн тогтоох хэлцэл тухайн бохир усны шугамын трасст шууд орохоор урьдчилан тогтоогдсон иргэдийн хүрээнд цаашид үргэлжилнэ. Иргэдийн зүгээс эдгээр ажилд аль болох дэмжлэг үзүүлэн ажиллах эрмэлзлэлтэй байгаагаа дээрх уулзалтын үеэр илэрхийлж байсан.
-Иргэдтэй хэрхэн зохицож байгаа вэ?
-Манайхан төсөл хэрэгжүүлэхдээ төс­лийн­хөө асуудлыг л бодоод байдаг. Харин олон улсын байгууллагууд төсөл хэрэгжүүлэхээсээ өмнө иргэдийг яаж нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөр хэрхэн олгох, байгаль орчин хүрээлэн байгаа орчинд ямар нөлөөлөл үзүүлж байна вэ гэдэг дээр их анхаардаг юм байна. Тиймээс судалгааны ажил хийх явцад НҮБ-ын “UN Habitat” гэдэг байгууллага ажлын хэсэг, иргэдийн зөвлөл гэж байгуулж, төслийн ач холбогдлыг танилцуулж, иргэд олон ний­тийг зохион байгуулалтад оруулсан. Тий­мээс иргэдтэй ойлголцох тал дээр харьцан­гуй сайн байгаа. Гэхдээ хувь хүний газрын асуудал яригдаж байгаа учраас бид цаашдаа илүү ойр ажиллах шаардлага байгаа.
-50 айлын орон сууцанд иргэд түр оршин суух юм байна. Сургууль, цэцэрлэг барих талбайд өөрийн газраа өгөөд орон сууцанд бүрмөсөн орж болох уу?
-Түр оршин суух байрны нэгдүгээр давхарт хорооны засаг захиргаа, эмнэлэг, цагдаагийн хэлтэс үйл ажиллагаа явуулах ба подвалын давхарыг иргэд олон нийтийн эрх ашигт нийцсэн бусад үйл ажиллагаа (хурлын танхим, үзвэр) явуулах зэрэг иргэд олон нийтийн оролцоог хангасан үйл ажиллаагааг явуулах юм. 
-Дэд төв байгуулсан газар иргэд заавал хувийн хаус, орон сууц барина гэсэн зүйл байгаа юу?
-Гэр хорооллын голоор дэд бүтцийг нь тавьж өгөхөөр иргэд орон сууцаа барих уу, хувийн хаусаа бариха уу гэдэг нь өөрсдийн нь мэдэж шийдвэрлэх асуудал болно.. Иргэд айл бүр өөрсдөө тэр холоос дэд бүтэц татах боломжгүй шүү дээ. Ямар ч байсан бид дэд төвийн голоор явах шугам сүлжээг нь холбоод өгнө. Сонирхуулж хэлэхэд, Азийн хөгжлийн банк, Хас банктай хамтран аж ахуйн нэгжүүдэд жижиг дунд бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх болон иргэд өөрсдийн амьдарч буй орчноо сайжруулах, дэд бүтцэд холбогдох ажилд дэмжлэг үзүүлэхээр нийт зургаан сая ам.долларын бичил санхүүжилт үзүүлэхээр болсон. Одоогийн байдлаар хоёр дэд төв дээр 300 орчим  жижиг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтаас болоод ямарваа нөлөөлөлд орох, үйл ажиллагаа нь доголдох зэрэг асуудал гарна. Тиймээс банкнаас тодорхой хэмжээний дэмжлэг авч болно гэж байгаа. Энэ нь хөтөлбөрийн нийт санхүүжилтээс тусдаа хийгдэж буй санхүүгийн дэмжлэг юм.
 
-Дэд төвийн бүтээн байгуулалтын ажил хэзээ дуусах вэ?
-Бид Азийн хөгжлийн банктай гэрээ байгуулсан. Үүнд есөн жилийн хугацаатай гэж заасан. Гэхдээ бүтээн байгуулалтын ажлыг хурдавчилж чадах юм бол долоо, найман жилд ч багтааж дуусгах боломжтой.
-Эхний ээлжид Баянхошуу, Долоон буудал орсон байна. Дараагийн ээлжид хаана дэд хот байгуулах вэ?
-Хоёрдугаар шатанд , Хайлааст, Дэнжийн 1000 орчмыг хамруулна. Яагаад гэхээр “Баянхошуу”, “Сэлбэ”-тэй ойрхон болохоор эдгээр дэд төвөө тэлээд хөгжүүлнэ  гэсэн үг.
-Яагаад Долоон буудал, Баянхошуунаас эхлэхээр болсон бэ?
-Азийн хөгжлийн банкны зөвлөх баг ажиллаж эдгээр дэд төвийг сонгосон. Агаарын бохирдол, хүрээлэн байгаа орчны нөлөөлөл зэргийг харгалзаж сонгосон. Төлөвлөгөөгөө хийхдэээ ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж төлөвлөсөн.  Сонгинохайрхан дүүрэгт хөрс, ундны усны бохирдол гээд олон бэрхшээл байгаа. Гэр хороолол ихтэй хүндрэл бэрхшээлтэй газрыг сонгосон гэж болно.
-Азийн хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулсан гэсэн. Зээлийн хугацаа, эргэн төлөлт ямар нөхцөлтэй вэ?
-Зээл гэхээр хүмүүс янз бүрээр хүлээж авдаг. Энэ зээл бол 25 жил буюу урт хугацааны зээл гэсэн үг. Жилийн хоёр хувийн хүүтэй. Энэ нь нэлээд хөнгөлөлттэй зээл гэсэн үг л дээ. Азийн хөгжлийн банкнаас нийт 224 сая долларын зээлийн гэрээ хийж байгаа. Энэ санхүүжилтийг нэг дор авахгүй. Мөн эхний таван жилд зөвхөн хүүг нь төлнө. Зургаа дахь жилээс үндсэн зээлийг төлж эхэлнэ. Түүнчлэн Олон улсын байгууллагууд манайд итгээд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд гадаадын хөрөнгө оруулагчдад сайн мессеж болдог юм байна. Энэ ажлыг сонирхсон, оролцох хүсэлтэй хөрөнгө оруулагчид бидэнтэй ирж уулзах, хамтран ажиллах санал тавих ажил нэмэгдэж байна.
-Тендерт ямар компаниуд шалгарсан бэ. Дотоодын компаниудаа дэмжиж байгаа юу?
-Бүтээн байгуулалтын ажилтай холбоотой тендер хараахан зарлагдаагүй байна. Азийн хөгжлийн банкны зүгээс зээл авч буй тухайн улсын дотоодод зарлах тендер болон олон улсын тендерт тавьдаг босго үнийн шалгуураа шинэчилсэн бөгөөд таван сая ам.доллароос дотогш үнийн дүнтэй ажил болон хоёр сая ам.доллараас дотогш үнийн дүнтэй барааны худалдан авалтын тендерт дотоодын компаниуд оролцох боломж нээгдсэн. Бид ч аль болох дотоодын компаниудаа дэмжих чиглэл барина. Тиймээс тендер зарлахад дотоодын компаниуд идэвхтэй оролцох бүрэн боломжтой. Сонгон шалгаруулалтын хувьд Азийн хөгжлийн банкны худалдан авах журмын дагуу явагддаг.
 
Б.Цэнд-Аюуш
 
Сурталчилгаа