Дэлхийн хот-Улаанбаатар

ИРЭХ ОНД BRT ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛНЭ


2016-03-17 11:55:45

 

 
Нийслэлд тулгамдаж буй асуудлын нэг нь замын түгжрэл. Үүнээс гарах арга замын нэг нь Нийтийн тээврийн BRT төсөл хэрэгжүүлэх. Нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх томоохон төслийн нэг нь BRT буюу тусгай замын автобус шугам транзит тээвэр юм. Ажлын явц хэр байгаа талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Отгонбаатараас тодрууллаа.
- BRT төслийн талаар товч мэдээлэл өгөхгүй юү?
-BRT нь тусгай замын автобус шугам. Тодруулбал, замын голоор зөвхөн автобусны тусгай замаар иргэдэд үйлчилнэ гэсэн үг. Үүнийг дэлхийн 193 хотод амжилттай хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр автобус нэгдүгээр шугамаар явдаг ч бусад тээврийн хэрэгсэл нэгдүгээр шугам руу орж замын хөдөлгөөнд оролцож байгаа. Тиймээс зөвхөн замын голоор нийтийн тээвэр дангаараа явахад ямар нэг түгжрэлгүй Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэх юм. Тухайлбал, хувийн машинаар Таван шараас Офицеруудын ордон хүртэл явахад наад зах нь цаг гаруй явдаг бол BRT шугам нэвтрүүлснээр 30 минут явах боломжтой болно.
-Энэ төслийг хэзээ эхэлсэн юм бэ?
-Энэ төслийг 2008 оноос ярьж, судалгаа хийж эхэлсэн бөгөөд 2011 онд техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн юм билээ. 2012 онд төсөл зогсонги байдалд орж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр УИХ-аар хэлэлцэж баталсан. Үүнээс хойш ажлын нэгдүгээр үе шатны санхүүжилтэд гарын үсэг зурах, дамжуулан зээлдэх гэрээний бэлтгэл ажил хийж дуусгасан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Азийн хөгжлийн банкны Техникийн туслалцааны баг коридор сонгох ажил хийж эхэлсэн. Тодруулбал, 2011 онд хийсэн техник эдийн засгийн үндэслэлийг гаргаснаас хойш нийслэлийн болон улсын төсвөөр гудамж, зам талбайн төсөл хэрэгжүүлж олон зүйл өөрчлөгдсөн. Гудамж төслийн хүрээнд олон уулзваруудыг шинээр засаж хийсэн. Тиймээс коридор сонгох ажлын судалгааг шинэчлэн хийх шаардлага гарсан тул энэ дээр ажиллаж байна.  Энэ ажлыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр нарийвчилсан зураг төслийн ажлыг энэ зун зарлаж ирэх жил гэхэд барилгын ажлыг эхлүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байна.
-Аль чиглэлд BRT шугам тавих вэ?
-Эхний ээлжинд Нисэх онгоцны буудлаас Энхтайвны гүүр хүртэл, Хорооллын эцэсээс хойгуураа 100 айл, Шар хадны чиглэлд, Долоон буудал руу явах чиглэл гэсэн гурван шугамд хэрэгжүүлэхээр судалж байгаа. Яг аль коридорыг тавихыг одоогоор нарийвчилж гаргаагүй байна. Дээрх гурван чиглэлийн зорчигчдын болон тээврийн урсгал, замын судалгаа хийж байна.
-Олон улсад хэр өргөн зам дээр BRT шугам тавьдаг юм бол?
- Амжилттай хэрэгжүүлсэн олон улсын хотуудын жишгийг харахад манайхаас нарийхан зам дээр хэрэгжүүлсэн туршлагууд нилээд байна лээ. Зөвлөх баг одоо энэ судалгаан дээр ажиллаж байна. Манай замууд дээр хэрэгжих боломжтой гэсэн дүгнэлтийг 2011 оны ТЭЗҮ үр дүн гарсан байдаг.
-Төсөв санхүүгийн хувьд хичнээн хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа вэ. 2011 оных шиг дахиад царцахгүй гэдэгт итгэж болох уу?
-Манай улс Азийн хөгжлийн банктай санхүүжилтийн хэлэлцээ хийж, УИХ-аар батлагдчихсан учраас энэ нь олон улсын гэрээ, хууль болчихдог. Тиймээс нэгэнт эхэлсэн ажил зогсохгүй. Төслийн нийт өртөг нь 272 сая ам.доллар. Үүнээс 57 сая ам.долларыг манай улс хариуцаж үлдсэнийг нь Азийн хөгжлийн банк гаргаж байгаа. Төсөл есөн жилийн хугацаатай хэрэгжинэ.
-Есөн жилийн хугацаанд мөнгөний ханшнаас шалтгаалж төсөвт нь багасах эрсдэл бий юү?
- Нэгэнт төлөвлөгөө судалгаа хийгдэж УИХ-аар соёрхон батлагдсан учраас тийм асуудал гарахгүй.
-Барилгын ажил эхлэхэд засварласан зам талбайг дахин хөндөх шаардлагатай болох уу?
- BRT шугамтай болохын тулд замыг нь тусгаарлачихаж байгаа учраас харьцангуй гайгүй. Энд зөвхөн замын бус автобусны менежмент, Нийтийн тээврийн мэдээллийн нэгдсэн систем зэрэг нийтийн тээврийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм.
-Нийтийн тээвэр шинэчлэгдэж байгаа бол төлбөрөө ямар хэлбэрээр төлөх вэ. Одоогийн автобсусны төлбөрийн картаа ашиглах уу?
-Тийм ээ. Одоо ашиглаж байгаа цахим картаа ашиглана. Азийн хөгжлийн банкны зөвлөхүүд, Смарт карт компаний хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийсэн.
-Барилгын ажлын компанийг хэрхэн шалгаруулах вэ?
-Олон улсын тендер зарлаж сонгон шалгаруулалт хийнэ. Тухайн шаардлагыг хангасан дотоодын компаниуд ч оролцох бүрэн  боломжтой.
 
Сурталчилгаа