Дэлхийн хот-Улаанбаатар

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай


2017-01-26 13:15:11
2017 оны 01 сарын 24-ний өдөр                                                                 Дугаар А/31                                                              Улаанбаатар хот
 
  

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
   талаар авах зарим арга хэмжээний тухай
 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “г”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6, 21 дүгээр зүйлийн 3, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.5, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар, 2014 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
           1.Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь зөвшөөрөлгүй, ил задгай худалдааг цэгцлэх, аж ахуйн нэгж, байгууллагын орчны болон орон сууц, гэр хорооллын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан албан тушаалтнуудад даалгасугай:
 
            а/Дүүргүүдийн Засаг дарга нарт:
 
          1/авто замын дагуу түлээ, нүүрс, малын тэжээл, хоёрдогч түүхий эд, тос тосолгооны материал ил задгай, зөвшөөрөлгүй худалдаалахыг зогсоож, цаашид эрүүл ахуйн шаардлагыг хангасан тодорхой цэгт төвлөрүүлэн байршуулах;
 
          2/нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд холбогдох дүрэм, журмыг зөрчин мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалахыг таслан зогсоох;
 
             3/орон сууц, гэр хорооллын гудамж, замын гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах.
 
             б/нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний төв, захуудын удирдлагад:
 
             1/гадна талбай дахь зөвшөөрөлгүй, ил задгай худалдааг цэгцлэх;
 
             2/тээврийн хэрэгслийн зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах;
 
          3/тээврийн хэрэгслийн зогсоолын төлбөр, хураамж хураах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, замын хөдөлгөөний түгжрэл, саатал үүсгэхгүй байх;
 
             4/орчны 50 метр хүртэлх талбайн хогийг тогтмол цэвэрлэх.
 
          2.Сар шинийн баяр угтан бүх нийтийн их цэвэрлэгээг 2017 оны 02 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж, цэвэрлэгээний ажилд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг идэвхи, санаачилгатай оролцуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, дүүргүүдийн Засаг дарга нар болон харьяа газар, агентлагуудын удирдлагуудад тус тус даалгасугай.
 
          3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Ж.Эрдэнэболд/-т, захирамжийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус үүрэг болгосугай.
 
 
 
                                     
                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                        ЗАХИРАГЧ                                                                           С.БАТБОЛД