Дэлхийн хот-Улаанбаатар

Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай


2017-02-03 13:01:09
2017 оны 01 сарын 31-ний өдөр                                                                   Дугаар А/50                                                           Улаанбаатар хот
 
 
 
 
 
Малын гоц халдварт цэцэг өвчнөөс
урьдчилан сэргийлэх талаар авах
 зарим арга хэмжээний тухай
 
 
           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
           1.Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчин гарсантай холбогдуулан уг өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:
 
           1.1.малын гоц халдварт цэцэг өвчинд мэдрэмтгий малыг вакцинжуулах ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд зохион байгуулж, вакцин, халдвар хамгааллын хувцас, шаардлагатай бусад материалаар ханган, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/-т, вакцинжуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т;
 
            1.2.малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн хорио цээрийн хил хязгаарыг тогтоож, ариутгалын пост болон хөдөлгөөнт эргүүлээр ажиллах хүн хүчийг нэмэгдүүлэн, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт;
 
          1.3.дүүрэг, хорооныхоо малыг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулж, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл болон бусад шаардагдах зардлыг батлагдсан төсвөөс санхүүжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох дүүргүүдийн Засаг дарга нарт;
 
         1.4.Налайх дүүрэгт гарсан малын гоц халдварт цэцэг өвчний шалтгаан болон өмнө хийсэн вакцинжуулалтын ажлын чанар, үр нөлөөг шалгаж, дүнг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т;
 
            1.5.нийслэлийн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх  хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгох, цаашид суурьшлын бүсэд байгаа малын тоо толгойг бууруулах талаар санал боловсруулж 2017 оны I улиралд багтаан танилцуулахыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /Д.Баянбат/-т;
 
          1.6.малын гоц халдварт цэцэг өвчин бүртгэгдсэн голомтын бүс болон эрүүл бүсээс мал, мах, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг худалдаалах, борлуулах үйл ажиллагаанд хяналт тавьж, таслан зогсоох арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Улаанбаатар хотын Цагдаагийн газар /Ж.Эрдэнэболд/-т;
 
         1.7.малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т.
 
         2.Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 72,957,250 /далан хоёр сая есөн зуун тавин долоон мянга хоёр зуун тавин/төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.
 
          3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                        ЗАХИРАГЧ                                                                         С.БАТБОЛД