Дэлхийн хот-Улаанбаатар

Хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай


2017-02-03 16:59:57
2017 оны 01 сарын 30-ны өдөр                                                                 Дугаар А/48                                                                    Улаанбаатар хот
 
 
 
 
Хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
 талаар авах зарим арга хэмжээний тухай
 
 
           Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2015 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” болон “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 30 дугаар зүйлийн 30.3.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
         1.Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн давагдашгүй хүчин зүйл, аюулт үзэгдэл, осол, аваарын улмаас учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд ажилгүй иргэд, оюутан, залуучуудыг хамруулах талаар төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, ажлын гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж, санхүүжүүлж ажиллахыг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар /П.Батхүлэг/, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар /С.Сүх-Очир/-т тус тус үүрэг болгосугай.
 
             2.Аюулт үзэгдэл, осол, аваарын улмаас нийслэлийн нутаг дэвсгэрт бий болсон хор уршгийг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн бүтээн байгуулалт, тохижилт, далан, суваг, гэр хорооллын гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, мод, бут, сөөг тарих, зүлэгжүүлэх, зэрлэг ургамлыг устгах, цас, мөс, халтиргаа, гулгааг арилгах үйл ажиллагаанд ажилгүй иргэд болон оюутан, залуучуудыг татан оролцуулах ажлыг хамтран зохион байгуулж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар /П.Батхүлэг/-т тус тус даалгасугай.
 
          3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрд үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
                                                           ЗАХИРАГЧ                                                                         С.БАТБОЛД
 
Сурталчилгаа